images

Олон улсын байгууллагуудыг амжилттай удирдаж ирсэн африк гаралтай алдартнууд

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-27


   Олон улсын Олимпын хорооны (ОУОХ) ерөнхийлөгчөөр сонгогдсон Кирсти Ковентри өнгөрсөн 23-ны өдөр албан ёсоор ажлаа хүлээн авсан билээ. Зимбабве улсын усан сэлэлтийн шигшээ багийн гишүүн асан тэрбээр 2004 оны Афины Олимп, 2008 оны Бээжингийн Олимпын усанд сэлэлтийн төрлөөр хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл, нийт найман медаль хүртэж, эмэгтэйчүүдийн 200 метрийн араар даллах төрөлд хошой аварга болсон нэртэй тамирчин юм. Өнгөрсөн гуравдугаар сард болсон ОУОХ-ны Ерөнхий Ассамблейн чуулганаар найман жилийн хугацаатай сонгогдсон Кирсти Ковентри нь африк гаралтай цагаан арьстан гэдгээрээ олны анхаарал татаж байв. Зимбабве улсын үндэсний цөөнх цагаан арьстнууд нь 1880-аад оны Их Британийн колоничлолын үед Европоос ирсэн хүмүүс юм. Харин тус улс 1980 онд тусгаар тогтнолоо олж авчээ.

   2021 онд Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) Ерөнхий захирлаар сонгогдсон Нгози Оконжо-Ивеала мөн африк гаралтай буюу Нигер улсын иргэн ажээ. Тэрбээр өнгөрсөн онд улиран сонгогдож, эдүгээ хүртэл уг нэр хүндтэй байгууллагыг амжилттай удирдаж байна. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын (ОУХБ) ерөнхий захирал Гилберт Унгбо нь Африкийн Того улсын иргэн юм. Тэрбээр өмнө нь Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сангийн (IFAD) ерөнхийлөгчийн албыг хашиж байв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс хуучин Этиопын нутаг болох Эритрейд төржээ. Тэрбээр Их Британийн Ноттинхэмийн их сургуульд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд Этиопын Эрүүл мэндийн сайд, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байв. Африк тивээс мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хоёронтоо төрсөн байдаг. Зургаа дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар Египетийн Бутрос Гали, долоо дахь даргаар Гана улсын иргэн Кофи Аннан нар ажилласан юм.

   Олон улсын байгууллагын тэргүүн биш ч дэлхийн хэмжээний сүпермодель, эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнийг зэрэмдэглэх явдлын эсрэг НҮБ-ын анхны тусгай элч Уорис Дири Сомали улсын иргэнм. Тэрбээр өөрийн үзэж туулсан амьдралдаа тулгуурлан Африкт эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнийг зэрэмдэглэдэг ёс бус зан үйлийг анх дэлхий нийтийн анхаарлын төвд оруулж, "Цөлийн цэцэг" зэрэг хэд хэдэн ном хэвлүүлж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөний тэргүүн эгнээнд явсаар байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.