Монголын оюутны шигшээ багт тоглож буй Германд төрсөн монгол охиныг FISU сайт онцолжээ
Чихэнд чимэгтэй
2025-07-03
Олон улсын их дээд сургуулиудын спортын холбоо (FISU) Герман улсын Берлин хотноо энэ сард Оюутны дэлхийн наадмыг зохион байгуулах гэж байна. Тус наадамд оролцох Монголын оюутны эмэгтэйчүүдийн волейболын шигшээ баг Берлин хотод очоод байгаа аж. Тэгвэл Монголын багийн тамирчин 24 настай Х.Өэлүнг Олон улсын их, дээд сургуулиудын спортын холбооны үндсэн вебсайт FISU.net онцолжээ. Х.Өүлэн тус сайтад “Би Германы Нюрнберг хотод, ах маань Дрезденд төрсөн юм. Аав, ээж маань тухайн үед оюутан байсан. Манай гэр бүл намайг хоёр настай байхад Монгол руу буцаж ирсэн. Манайхан бүгд герман хэлтэй. Харин би ярьж чаддаггүй. Гэхдээ би багаасаа л Герман орны талаар сонсож, өөрийгөө тэнд байгаагаар төсөөлдөг байлаа. Харин одоо би энд ирчихсэн байна гэж бодохоор сэтгэл хөдөлж байна" хэмээн ярьжээ. Х.Өэлүн багадаа волейболын спортод тийм ч сонирхолгүй байжээ. Харин есдүгээр ангид байхад сургууль дээр ах эгч нарынхаа тоглохыг үзсээр дуртай болж, волейболоор хичээллэхээр шийдсэн байна. Тэрбээр одоо Улаанбаатар хотын “Энакоре” клубт тоглож, биеийн тамирын багш мэргэжлээр суралцаж байна. Монголын багийн охид энэ сарын 16-нд БНХАУ-ын багтай нээлтийн тоглолтоо хийх бөгөөд Бээжингийн баг өмнө нь энэ наадмын аваргаар шалгарч байсан юм. Улмаар монгол охид 17-нд Германы, гурав дахь өдөр Аргентины багтай тоглоно. Манай оюутны шигшээ баг өмнө нь ОХУ-д тэмцээнд оролцож, Өмнөд Солонгост бэлтгэл хийж байжээ. Монголын баг олон улсын түвшинд харьцангуй шинэ ч багийн сэтгэл зүй, тэмүүлэл өндөр байгаа талаар дасгалжуулагчдынх нь ярьсныг FISU.net онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.